Сайдын 2022 оны А/... дугаар тушаал

 

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ АУДИТОРЫН
ТУШААЛ

2020 оны 05 сарын 21-ний өдөр, дугаар А/45, Улаанбаатар хот


ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 15 дугаар зүйлийн 15.1.10, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ыг нэгдүгээр, Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах маягтуудыг хоёрдугаар, аудитын хуулийн этгээдийн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын эцсийн тайланд өгөх аудитын дүгнэлтийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор /Ц.Наранчимэг/-т даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор /О.Тэнгис/-т даалгасугай.

 

ЕРӨНХИЙ АУДИТОР                                     Д.ЗАНДАНБАТ

Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Нэг. Журмын зорилго

1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.


Хоёр. Журмын үйлчлэх хүрээ

2.1. Энэ журмыг Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтийн хөрөнгийг хуримтлуулах, сонгуулийн зардал гаргах, сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлан гаргах, сонгуулийн зардлын тайландаа аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах, Үндэсний аудитын газраас сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулахад дагаж мөрдөнө.

2.2. Энэхүү журам нь тус журмын 17.1-д заасан маягт, 22.7-д заасан дүгнэлтийн загвар бүхий хавсралтаас бүрдэнэ.


ХОЁРДУГААР БҮЛЭГ. СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН САНХҮҮЖИЛТ

Гурав. Сонгуулийн зардлын данс

3.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /цаашид "хууль" гэх/ 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.

3.2. Эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэрээр эвсэлд нэгдсэн нэг нам, эвслийг төлөөлж эвслийн сонгуулийн зардлын данс нээлгэх ба эвслийг төлөөлөх байгууллагаас эрх олгогдсон этгээд эвслийн сонгуулийн зардлын данснаас зарлага гаргана.

3.3. Хуулийн 51.2-т зааснаар нам аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбартай бол тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт сонгуулийн зардлын данстай байж болно.

3.4. Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ.


Дөрөв. Сонгуулийн зардлын санхүүжилт

4.1. Нам, эвслийн сонгуулийн санхүүжилт нь намын өөрийн хөрөнгө, мөнгөн хандиваас бүрдэнэ.

4.2. Нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт нь намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, мөнгөн ба мөнгөн бус хандиваас бүрдэнэ.

4.3. Бие даан нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт нь намын өөрийн хөрөнгө, мөнгөн ба мөнгөн бус хандиваас бүрдэнэ.


Тав. Сонгуулийн зардалд зарцуулах намын өөрийн хөрөнгө

5.1. Сонгуулийн зардалд зарцуулах намын өөрийн хөрөнгө нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын өөрийн дансанд хуримтлуулсан мөнгөн хөрөнгө байна.

5.2. Нам энэ журмын 5.1-д заасан хөрөнгийг өөрийн данснаасаа нам, эвслийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэн зарцуулах ба намын хувьд энэ журмын 3.3-т заасан сонгуулийн зардлын данс нээлгэсэн тохиолдолд уг дансаар дамжуулан зарцуулж болно.

5.3. Нам, эвсэл өөрийн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд зориулж олгох намын өөрийн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн зардлын данснаас тухайн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэг хийж олгоно.

5.4. Нам, эвсэл сонгуулийн зардалд зарцуулах намын өөрийн хөрөнгийг бусдаас бэлэглэл, зээл хэлбэрээр авч бүрдүүлэхийг хориглоно.


Зургаа. Сонгуулийн зардалд зарцуулах нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө

6.1. Сонгуулийн зардалд зарцуулах нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан орлогод хамаарах мөнгөн хөрөнгө хамаарна.

6.2. Нэр дэвшигч энэ журмын 6.1-д заасан мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулна.

6.3. Нэр дэвшигч сонгуулийн зардалд зарцуулах өөрийн хөрөнгийг бусдаас бэлэглэл, зээл хэлбэрээр авч бүрдүүлэхийг хориглоно.


Долоо. Сонгуулийн хандив

7.1. Хуулийн 53.1-д зааснаар сонгуулийн хандив нь мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байна.

7.2. Хандив нь хандивлагчийн өөрийн хөрөнгө, үйл ажиллагааны орлогын чадамжаас даваагүй бодитой байна.

7.3. Хандивлагч нэг нам, эвсэл, нэр дэвшигчид хандив өгсөн нь өөр нам, эвсэл, нэр дэвшигчид хандив өгөхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

7.4. Хандивлагч нэг нам, эвсэл, нэр дэвшигчид хандив өгсөн нь тухайн нэр дэвшигчид мөнгөн бус хандив өгөхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

7.5. Хуулийн 56.1-д заасан этгээд хандив өгөхийг хориглох ба нам, эвсэл, нэр дэвшигч шаардсан тохиолдолд хандивлагч нь уг шаардлагыг хангаж байгаа эсэхийг нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.


Найм. Мөнгөн хандив

8.1. Хандивлагч этгээдээс эргэж төлөх нөхцөлгүйгээр нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг мөнгөн хандив гэнэ.

8.2. Хуулийн 54.1-д заасны дагуу мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна.

8.3. Нам, эвсэл, нэр дэвшигч нь мөнгөн хандивыг зөвхөн сонгуулийн зардлын дансанд хүлээж авна.

8.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын данс хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй.


Ес. Мөнгөн бус хандив

9.1. Хандивлагч этгээдээс сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид үнэ төлбөргүйгээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах, эзэмшүүлэх, үйлчилгээ үзүүлэхийг мөнгөн бус хандив гэнэ.

9.2. Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг ашиглуулах, эзэмшүүлэх мөнгөн бус хандивын гэрээг тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулна.

9.3. Үйлчилгээ үзүүлэх мөнгөн бус хандивыг тухайн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулна.

9.4. Хуулийн 56.5-д заасны дагуу нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.


Арав. Мөнгөн бус хандивын үнэлгээг тодорхойлох

10.1. Мөнгөн бус хандивын зах зээлийн дундаж үнэлгээг дараах журмаар тодорхойлно:

10.1.1. тухайн эд хөрөнгө ашиглуулсан, эзэмшүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн хандивлагч энэ төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол уг үйл ажиллагааны дундаж үнэлгээгээр;

10.1.2. тухайн эд хөрөнгө ашиглуулсан, эзэмшүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн хандивлагч энэ төрлийн аж ахуйн үйл ажиллагааг эрхэлдэггүй бол тухайн газар нутаг дахь энэ төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийн үнийн дундаж үнэлгээгээр.

10.2. Мөнгөн бус хандивын үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгч болох мөнгөн хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.


Арван нэг. Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив

11.1. Дараах хандивыг хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивт тооцно:

11.1.1. банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив;

11.1.2. буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандив;

11.1.3. хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн мөнгөн ба мөнгөн бус хандив;

11.1.4. хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн мөнгөн ба мөнгөн бус хандив.

11.2. Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хулээн авч, зарцуулах, ашиглахыг хориглоно.

Тайлбар: Буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандив гэдэгт хандивлагчийн нэр, регистрийн дугаар, банкны дансны дугаар зэрэг мэдээлэл зөрүүтэй байхыг хамруулж ойлгоно.


Арван хоёр. Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаах, улсын орлогод шилжүүлэх

12.1. Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно:

12.1.1. энэ журмын 11.1.1, 11.1.3-т заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх;

12.1.2. энэ журмын 12.1.1-д заасан хугацаанд буцаан шилжүүлээгүй болон энэ журмын 11.1.2-т заасан мөнгөн хандивыг улсын орлого болгох;

12.1.3. энэ журмын 11.1.4-т заасан хандивыг улсын орлого болгох.

12.2. Нам, эвсэл, нэр дэвшигч энэ журмын 12.1-д заасны дагуу улсын орлого болгох хандивыг улсын төсвийн орлогын нэгдсэн дансанд тушаана.


Арван гурав. Хуулиар зөвшөөрөгдөөгүй мөнгөн хандивыг ашигласанд тооцох

13.1. Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдеөгүй мөнгөн хандивыг сонгуулийн зардлын дансанд хүлээн авснаас хойших сонгуулийн зардлын дансны үлдэгдэл нь уг мөнгөн хандивын хэмжээнээс бага байж болохгүй.


ГУРАВДУГААР БҮЛЭГ. СОНГУУЛИЙН ЗАРДАЛ

Арван дөрөв. Сонгуулийн зардлын ангилал

14.1. Сонгуулийн зардлыг нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалд заасан үзүүлэлтийг харгалзан ангилна.

14.2. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлыг дараах байдлаар ангилж, тайлагнана:

14.2.1. сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, тараах зардал;

14.2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулах зардал;

14.2.3. намын далбааг гудамж талбайд байршуулах, таних тэмдэг, уриа ашиглах зардал;

14.2.4. сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх зардал;

14.2.5. сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал:

14.2.5.а. нэр дэвшигчийн ухуулах байрны түрээсийн зардал;

14.2.5.б. нам, эвсэл болон нэр дэвшигчээс зарцуулах хөлс, урамшууллын зардал;

14.2.5.в. нам, эвсэл болон нэр дэвшигчээс зарцуулах тээврийн хэрэгслийн зардал;

14.2.5.г. нам, эвслээс зарцуулах томилолтын зардал;

14.2.5.д. сонгуулийн сурталчилгаанд зарцуулах бусад зардал.

14.2.6. сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах зардал;

14.2.7. сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах зардал;

14.2.8. өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлуүлэх зардал;

14.2.9. энэ журмын 14.2.1 -14.2.8-д хамаарахгүй бусад зардал.


Арван тав. Сонгуулийн зардал гаргах

15.1. Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргах хүртэл хугацаанд энэ журмын 14.2-т заасан сонгуулийн зардалд зориулан сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргана.

15.2. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данснаас гаргасан зарлага тус бүрийн зориулалт нь хүчин төгөлдөр анхан шатны баримтаар нотлогдсон байна.

15.3. Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргахыг хориглоно.

15.4. Дараах зардлын нийт дүн нь сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй:

15.4.1. сонгуулийн зардлын данснаас зарлага болгосон энэ журмын 14.2-т заасан зардлын дүн;

15.4.2. сонгуулийн зардалтай холбоотой өр төлбөрийн дүн;

15.4.3. Мөнгөн бус хандивын хэмжээ /энэ заалт нь зөвхөн нэр дэвшигчид хамаарна/.

15.5. Энэ журмын 15.4-т заасан зардлын дүн нь сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү гарсан хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг нам, эвсэл, нэр дэвшигч улсын орлого болгоно.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН

Арван зургаа. Сонгуулийн зардлын тайлан

16.1. Сонгуулийн зардлын тайланг мөнгөн ба мөнгөн бус гэж ангилна.

16.2. Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлан гаргана.

16.3. Сонгуулийн зардлын тайланд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуульд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана.


Арван долоо. Сонгуулийн зардлын явцын тайлан гаргах

17.1. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах Маягт (1-9)-ын дагуу гаргаж, Үндзсний аудитын газарт ирүүлнэ.

17.2. Нийслэлээс бусад тойрогт нэр дэвшигч энэ журмын 18.1-д заасан хугацаанд сонгуулийн зардлын явцын тайлангийн эх хувийг ирүүлэх боломжгүй тохиолдолд цахим хуулбарыг Үндэсний аудитын газрын цахим шууданд илгээж, эх хувийг санал авах өдрөөс 1 хоногийн өмнө Үндэсний аудитын газарт ирүүлсэн байна.

17.3. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын явцын тайланд данс нээлгэсэн өдрөөс сонгуулийн зардлын явцын тайлан гаргах хүртэлх хугацааны сонгуулийн зардлын дансны хуулгыг хавсаргана.


Арван найм. Сонгуулийн зардлын явцын тайланг нийтэд мэдээлэх

18.1. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын явцын тайланг санал авах өдрөөс хойш 3 хоногийн өмнө дараах хэлбэрээр нийтэд мэдээлнэ:

18.1.1. хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудаст байршуулах;

18.1.2. өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд байршуулах;

18.1.3. мэдээллийн сайт болон бусад олон нийтийн сүлжээнд байршуулах.

18.2. Үндэсний аудитын газар нам, эвсэл болон нэр дэвшигчээс ирүулсэн сонгуулийн зардлын явцын тайланг хулээн авмагц өөрийн цахим хуудаст байршуулж, хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын явцын тайланг ирүүлээгүй нам, эсвэл, нэр дэвшигчийг нийтэд мэдээлнэ.


Арван ес. Сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргах

19.1. Хуулийн 57.3-т заасны дагуу нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын эцсийн тайланг энэ журмын 17 дугаар зүйлд заасан тайланг өссөн дүнгээр эцзслэн гаргаж, аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газарт ирүүлнэ,

19.2. Нам, эвсэл, нэр дэвшигч энэ журмын 19.1-д заасны дагуу Үндэсний аудитын газарт ирүүлэх сонгуулийн зардлын эцсийн тайландаа дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна:

19.2.1. сонгуулийн зардлын дансны хуулга;

19.2.2. сонгуулийн зардлын тайланд тусгасан орлого, зарлагыг нотлох анхан шатны баримт;

19.2.3. байгуулсан гэрээ, хэлцлийн хуулбар;

19.2.4. нэр дэвшигч мөнгөн бус хандив авсан бол хандивын гэрээний хуулбар, хандивын гэрээний үнэлгээг тодорхойлсон нотлох баримт.


Хорь. Сонгуулийн зардлын эцсийн тайланг нийтэд мэдээлэх

20.1. Нам, эвсэл, нэр дэвшигч аудитын хуулийн этгээдээр дугнэлт гаргуулсан сонгуулийн зардлын эцсийн тайланг энэ журмын 18.1-д заасан хэлбэрээр нийтэд мэдээлнэ.

20.2. Үндэсний аудитын газар энэ журмын 20.1-д заасны дагуу ирүулсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын эцсийн тайланг цахим хуудастаа байршуулж, хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын эцсийн тайланг ирүүлээгүй нам, эсвэл, нэр дэвшигчийг нийтэд мэдээлнэ.


Хорин нэг. Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын эцсийн тайланг хянах, дүнг мэдээлэх

21.1. Үндэсний аудитын газар энэ журмын 19.1-д заасны дагуу ирүулсэн сонгуулийн зардлын эцсийн тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлнэ.

21.2. Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын эцсийн тайланг хянахдаа хуулийн 58.2.2-58.2.4-т заасан болон Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

21.3. Үндэсний аудитын газар энэ журмын 21.2-т заасан бүрэн эрхийн дагуу мэдээлэл, баримт шаардсан тохиолдолд холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч, бусад иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримтыг тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.

21.4. Нам, эвсэл, нэр дэвшигч энэ журмын 12.1, 15.5-д заасан мөнгөн хөрөнгийг улсын орлого болгоогүй тохиолдолд уг зөрчлийг Үндэсний аудитын газар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.


Хорин хоёр. Аудитын хуулийн этгээд сонгуулийн зардлын эцсийн тайланд дүгнэлт гаргах

22.1. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын эцсийн тайланд аудит хийх аудитын хуулийн этгээд нь Аудитын тухай хуульд заасны дагуу ажил төрөл, хувийн харилцаа холбоо, ашиг сонирхлын хувьд нам, эвсэл, нэр дэвшигчээс хараат бус байх шаардлагыг хангасан байна.

22.2. Сонгуулийн зардлын эцсийн тайланд аудит хийхээр нам, эвсэл, нэр дэвшигчтэй гэрээ байгуулсан аудитын хуулийн этгээд нь энэ журмын 22.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх мэдэгдэл, тайлбараа гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дотор Үндэсний аудитын газарт мэдэгдэнэ.

22.3. Аудитын хуулийн этгээд энэ журмын 22.2-т заасны дагуу гэрээ байгуулснаас хойш аливаа шалтгаанаар сонгуулийн зардлын эцсийн тайланд аудит хийгээгүй, аудит хийхээс татгалзсан тохиолдолд энэ тухай мэдэгдэл, тайлбараа 2 хоногийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлнэ.

22.4. Аудитын хуулийн этгээд сонгуулийн зардлын эцсийн тайланд хийх аудитыг тухайн нам, эвсэл, нэр дэвшигчээс энэ журмын 17.1-д заасан маягтын дагуу гаргасан тайлан, энэ журмын 19.2-т заасан баримт бичиг болон анхан шатны баримтад үндэслэн хийнэ.

22.5. Холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нь аудитын хуулийн этгээдээс шаардсан баримт бичиг, мэдээллийг тогтоосон хугацаанд гаргаж өгөх, эсхүл гуравдагч этгээдээс гаргуулж өгөх, аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй.

22.6. Аудитын хуулийн этгээд дараах асуудлуудын хүрээнд сонгуулийн зардлын эцсийн тайланд аудит хийж дүгнэлт гаргана:

22.6.1. сонгуулийн зардлын тайланг батлагдсан маягтын дагуу иж бүрэн гаргаж, баталгаажуулсан эсэх;

22.6.2. сонгуулийн зардалд зарцуулсан намын болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой, бодитой эсэх;

22.6.3. хүлээн авсан мөнгөн хандив нь хуулиар зөвшөөрөгдсөн, эх үүсвэр нь тодорхой, бодитой эсэх;

22.6.4. хүлээн авсан мөнгөн бус хандивын үнэлгээг бодитой тодорхойлсон эсэх;

22.6.5. сонгуулийн зардлын тайланд тусгагдсан бүх тооцоолол үнэн зөв тусгагдсан эсэх;

22.6.6. сонгуулийн зардлын зарцуулалт зориулалтын дагуу бодитой хийгдсэн бөгөөд анхан шатны баримтыг үндэслэн сонгуулийн зардлын тайланд үнэн зөв тусгагдсан эсэх.

22.7. Аудитын хуулийн этгээд сонгуулийн зардлын эцсийн тайланд аудит хийхдээ Аудитын олон улсын стандартыг баримталж, Аудитын олон улсын стандарт 800 "Тусгай зорилго бүхий үзэл баримтлалд нийцүүлэн бэлтгэсэн санхүүгийн тайлангийн аудит"-г удирдлага болгон Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан загварын дагуу дүгнэлт гаргана.

22.8. Аудитын хуулийн этгээд аудитын явц үр дүн болон энэ журмын 22.7-д заасан дүгнэлтэд дэмжлэг болгох зорилгоор дараах бүтэц, агуулга бүхий аудитын дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийн хамт Үндэсний аудитын газарт ирүүлнэ:

22.8.1. аудит хийсэн үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага;

22.8.2. аудитын явцад мөрдсөн бодлого, журам, арга зүй, шалгуур үзүүлэлт;

22.8.3. тодорхойлсон эрсдэл, түүнийг үнэлсэн байдал;

22.8.4. материаллаг байдлын суурь сонгосон үндэслэл, тайлбар;

22.8.5. аудитын явцад хэрэгжүүлсэн горим сорил, түүний үр дүн;

22.8.6. илрүүлсэн зүйлсийн нэгтгэл, тайлбар;

22.8.7. санал дүгнэлтийн хэлбэр, үндэслэл.


ТАВДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗААЛТ

Хорин гурав. Сонгуулийн зардлын ил тод байдлыг хангахад иргэд, олон нийтийн байгууллагын оролцоо

23.1. Сонгуулийн зардлын ил тод байдлыг хангахад иргэд, олон нийтийн байгууллага дараах оролцоотой байна:

23.1.1. сонгуулийн зардлын ил тод байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад оролцох, хөндлөнгийн ажиглалт хийх;

23.1.2. сонгуулийн зардалтай холбоотой гарсан зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад гомдол, мэдээлэл гаргах;

23.1.3. нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайланг үнэн зөв, бодитой гаргасан эсэх талаар дүн шинжилгээ хийх, санал, зөвлөмж гаргах.


Хорин дөрөв. Хариуцлага

24.1. Үндэсний аудитын газар нь сонгуулийн зардлын тайлангийн аудитын дүгнэлтийг үнэн зөв, бодитой гаргаагүй, илт худал дүгнэлт гаргасан, эсхүл хуульд заасныг зөрчиж аудит хийсэн аудитын хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

24.2. Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын тайлантай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн тохиолдолд энэ тухай мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шалгуулна.

24.3. Үндэсний аудитын гаэрын хийсэн аудитын дүгнэлт, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар зохицуулна.

 

---о0о---